“Боль!” гэх Жейнагийн дуу агаарт цуурайтаж түүнийг зогсоов. Жэйна үхсэн эцгийнхээ цогцосыг газар тавиад хүнд шархадсан ахмад руу дөхөж ирэв. “Дуулгаа ав, ахмадаа.” гэхэд ахмад гараа салгалуулан дуулгаа авч, дааж ядан газарт хаяв.“Миний бодсон хүн мөн байна. Та Давион биз дээ? Эсвэл би таныг Луугийн нэрээр тань, Арк Хонист гэж дуудах уу?” гэж өндөр цолтой хүнийг хүндлэх мэт Жэйна дуугаа намсган асуув. Шархадсан ахмад өвдөглөн суусан хэвээр түүний өөдөөс айж гайхсан нүдээр харна. “Эцэг маань өнгөрсөн, таны түүнд зүтгэх зүтгэл ч мөн адил дууссан. Та надтай нэгд. Таны мэтийн нэртэй баатрын тусламж надад хэрэгтэй байна.” гэж Жэйна өгүүлэв.Давион алуулсан удирдагчийнхаа цогцсыг харж, санаа алдан арай гэж амьсгаа авав. Тэгснээ Жэйна руу толгой дохиж “Би эцэгт нь зүтгэсэн шиг, охинд нь зүтгэнэ,” гэж баргил хоолойгоор хариулах нь түүнийг хагас луугийн удамтай гэдгийг илэрхийлэх мэт цуурайтан сонсогдов.
Тралл босч Юурнерогийн мөрөн дээр хүчтэй алгадаад “Бид эндэх ажлаа дууслаа. Цэргүүдээ цуглуул, хөдлөхөд бэлтгэе. Би аль болох түргэн Калимдор руу буцмаар байна.” гэв.Юурнеро толгой дохин өөрийн дайчид руу хуй салхи мэт хурдаар гүйв. Тралл түүнийг ардаас нь ажиглан ийм хөгширсөн ч гэсэн энэ оркийн тулааны чадвар, ир чадлыг бишрэн, толгой сэгсрэн зогсох зуур түүнийг үхлийн салхи мэт хурдан, дийлдэшгүй, үгээр өгүүлшгүй уран хөдөлгөөнтэй, тэрнээс гадна аюултай дайнч удирдагч юм гэж бодно. Магадгүй түүний гарт алуулсан хүмүүс үхлийн шаналал гэж юу байдгийг мэдрэх ч сөхөөгүй үхдэг байх, эсвэл үхэж байна гэдгээ ч анзааралгүй нуран унадаг. Харин үхэгсдийн царайд тулааны үеийн уур хилэн яг хэвээрээ, хөлдсөн мэт тодорч харагддаг.Дайчид нь хүний нэг байшинг тойрон овоорч, шаагилдаж байгааг Юурнеро хараад, “Драенорын нэрийн өмнөөс энд юу болоод байгааг хэлээдэх, Эсвэл би хэлэх үү? Та нарыг би хүний байшин тонож болохгүй гэж хэлсэн биз дээ? Хүнээс талхны хэлтэрхий горьдсон тагтаа нар шиг юу хийж энд овоороод байгаа юм? Орхи гэж би хэлж байна!” гэж орилсоор цэргүүдээ яран орж ирээд цэргүүдийг нь юу гайхшруулж байсныг олж харав.
“Эзэнтээн, бид энэ байшинг хамгаалж байсан хүнийг алаад, ийм юм байхыг гэнэт оллоо… Энэ нялх амьтан байна.” гэж залуу илдийн мастеруудын нэг өгүүлэхэд Юурнеро харцаа зөөлрүүлэн түүн рүү харав.
“Энэ юу болохыг би мэднэ ээ, мангуу минь. Яагаад энэ инээгээд байгаа юм.?” гэж Юурнеро хажууд нь алуулсан эцгийнхээ цусанд хучаастай хүний бяцхан хүүхдийг харж хэлэв. Юурнеро ийм зүйлийг урьд нь зөндөө харсан, цусанд хучигдан үхлээс айн уйлах эсвэл аль хэдийг цочирдож үхсэн хүүхэд олныг харж байсан аж. Харин амьдралдаа үүн шиг хүүхэд огт харсангүй. Цусанд будагдаж, олон харийн амьтад өөрийг нь тойрон аймшигтай царайгаар архирч байхад жаал хүү огт айхгүй, харин ч инээж байхыг хэзээ ч харж байсангүй. Жаал хүү зүгээр ч нэг инээх бус галзуу мэт хөхөрч байлаа.“Наадахаа нааш өгөөдөх,” гэж Юурнеро тушаав. Тэр жаалыг нүүрэндээ хүртэл өргөж, урагш түрж гарсан аймшигт аварга соёогоо ил гарган түүн рүү сүрдмээр чанга архирав. Тэр ийм жаахан амьтдыг бага залууд нь илдний мэсээр алаад яахав гэсэндээ өмнө нь олзны хүүхдүүдийг бас ингэж айлгаж алдаг байжээ. Ингэх нь өршөөнгүй аллага хэмээн тэр үздэг байв. Гэвч түүний бодсноор болсонгүй, жаал хүү улам л инээсээр байв. Харин Юурнерогийн тэвчээр үнэхээр барагдаж эхлэлээ. Тэр илдээ сугалан хүүгийн нүүрэн дээр чиглүүлэн чичигнүүлэв. Жаал хүүхэд ч гэсэн илдний үзүүр ойртохыг мэдэрдэг гэдэг. Гэсэн ч хүний хүүхэд айдас гэгчийг харуулсангүй, харин ч гараа далайж, эр зоригоо харуулан Юурнерогийн хамар дээр зөөлөн алгадаад авлаа. Бусад илдийн мастерууд илдээ сугалан ёсгүй жаалыг тасчих гэсэн ч Юурнеро чанга архиран зогсох тушаал өгөв.Хүний хүүхдийг хэсэг ажигласны дараа, Юурнеро гэнэт тас хийтэл инээд алдан, “Со ка! Энэ хүү айдасгүй юм; бүгдээрээ түүний эр зоригийг амьдралаар шагнана аа. Амьдарна аа, чи хүүхэд минь, чамд шинэ нэр өгнө. Энэ өдрөөс эхлэн чамайг Риушин буюу ‘Луугийн зүрх’,” гэж нэрлэе хэмээгээд,
Ялагдаж алуулсан хүний энэ хүүхдэд ямар нэг юм байгааг би их тод мэдэрч байна. Яагаад ч юм энэ хүүхэд,… энэ хүн аугаа үйл хэргийн төлөө төрсөн гэж зүрх сэтгэл минь надад хэлээд байна.